Шинэ урт автобуснуудын дараагийн ээлж, нийтийн тээврийн М:1, М:2, М:3 чиглэлд үйлчилнэ
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм.
“Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай аж. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ.
Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобус Замын-Үүдээр орж ирэх юм байна.