Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо тус улсын аваргаар шалгарсан багт Аваргуудын лигт тоглох тусгай урилга (wild card) олгох хүсэлтийг Европын хөлбөмбөгийн холбоонд/УЕФА/ хандан гаргаж магадгүй байна. Энэ тухай Corriere dello Sport сонинд бичжээ.
Саудын Арабын клубууд 2024/25 оны улиралд Аваргуудын лигт тоглох боломжийг судалж байгаа ажээ. Тухайн улирлаас эхлэн лигийн тэмцээнд 36 баг оролцох бөгөөд хэсгүүдэд хуваагдахгүй, харин швейцар системээр хоорондоо өрсөлдөх юм. Хэрвээ "Аль-Иттихад", "Аль-Ахли", "Аль-Наср", "Ал-Хилал” зэрэг багууд Аваргуудын лигт тоглох аваас олон улс дахь нэр хүнд нь өсөж, хоцрогдлоо арилгаж Европын шилдэг клубуудтай эн тэнцүү өрсөлдөх боломж гарч ирнэ гэж Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо үзэж байна. Одоогоор Саудын багууд Арабын Аваргуудын цом, Азийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лиг гэсэн олон улсын хоёр тэмцээнд оролцож байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус улсын багууд алдартай хөлбөмбөгчдийг эгнээндээ элсүүлэн хүчирхэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны эцсээр К.Роналду “Аль-Наср” клубт ирсэн бол Неймар хэдхэн өдрийн өмнө “Аль-Хилал” багт тоглох гэрээ байгуулсан билээ. Мөн Францын Карим Бензема, Нголо Канте нар Саудын Арабт тоглож байна.