“Зүүний хүчит луу” Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол болно
Японы мэргэжлийн сумод нэгэн арванд хүч үзэж явсан “Зүүний хүчит луу” буюу Азүмарюү С.Тодбилэг өнгөрсөн орны арванхоёрдугаар сард зодог тайлснаа албан ёсоор зарласан билээ. Түүний зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Японы Токио хотын “Кокүгикан” ордонд болно.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр зүүн өвдгөө гэмтээсэн тэрбээр “Хоёр өвдөггүй болчихвол алхаж чадахаа болино” гэж эмээгээд зодог тайлахаар шийдсэн аж. 36 насандаа мэргэжлийн сумогийн замналдаа цэг тавьсныхаа дараа тэр албан ёсоор сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Японд ирээд 22 жил боллоо. Харамсах зүйлгүй, чадлынхаа хэрээр зүтгэсэн гэж бодож байгаа. Одоохондоо цаашдын ажил шийдээгүй байгаа ч юуны өмнө Монгол эх орноо бүтэн нэг тойрч аялна. Мөн дэлхийн улс орнуудаар жуулчлах хүсэлтэй. Сэтгэлд хамгийн их хоногшсон барилдаан гэвэл 2013 оны тавдугаар сарын тэмцээнд дээд зиндаанд анх дэвшээд Кёкүтэнхо Цэвэгням ахтай барилдсаныг нэрлэнэ. Ялагдсан ч гэсэн сэтгэл хөдлөөд их баярлаж байсан” хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл өнгөрсөн долдугаар сард улсын баяр наадмаар эх орондоо ирж, төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа наадам үзсэн тэрбээр мэргэжлийн сумогийн гараагаа 2009 онд эхэлсэн. Улмаар 2013 он мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшсэн билээ. Мэргэжлийн сумогийн жюүрёо зиндаанд нэг түрүүлсэн С.Тодбилэг замналдаа 55 башёд барилдахдаа 314 ялж, 273 удаа ялагджээ.