Ж.Харден 10 мянган лонх дарсыг хэдхэн секундэд борлуулжээ
Америкийн сагсан бөмбөгчин, NBA-гийн од тамирчин Жеймс Харден шууд бичлэгээр дамжуулан өөрийн брэндийн 10 мянган лонх дарсаа Хятадад хэдхэн секундын дотор түвэггүй борлуулжээ. Сагсан бөмбөгийн спортыг олон сая хүн шимтэн сонирхдог тус улсад шууд дамжуулалт ямар өргөн хүрээг хамардаг болохыг энэ явдал харууллаа. “Philadelphia 76” багийн хамгаалагч Ж.Харден мягмар гарагт өөрийн “J-Harden” дарсны брэндийг сурталчлахаар Хятадын цахим сүлжээний од “Crazy Brother” хочит Яны хийсэн шууд бичлэгт оролцсоныг 15 сая хүн үзсэн тухай төрийн мэдлийн “Global Times” сонинд бичжээ.
Дараа нь Ян түүнд дарснуудаа хэр хурдан борлогдохыг хараарай гэж хэлжээ. Үүний хариуд Ж.Харден “надад харуулчих л даа” хэмээн хэлээд гараа зөрүүлэн тэврээд хойш суужээ.
Шууд дамжуулалтаар худалдаа хийх нь Хятадад сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч, олон тэрбум ам.долларын орлого олдог бизнес болон хувирчээ. Ингэхдээ энтертайнментийг цахим худалдаатай хослуулдаг бөгөөд хөтлөгч нь үзэгчдэд тодорхой хугацаанд хөнгөлөлттэй үнийн хэлцэл эсвэл хөнгөлөлтийн купоныг санал болгодог. Улмаар үзэгчид шууд дамжуулагчаас бараа худалдаж аваад, өөрсдийн хайртай оддод виртуал “бэлэг” илгээх боломжтой ажээ.