Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөг 09:00 цагаас эхлэн иргэдийн данс руу орно
Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөг 09:00 цагаас эхлэн иргэдийн данс руу орно гэдгийг мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 10-р сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, нүүрс олборлолт 3.2 дахин, нүүрс тээвэр 3.6 дахин, нүүрс борлуулалт 4.1 дахин нэмэгдэж 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрджээ. Өмнө нь 2019 онд анх ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч байсан бөгөөд 2019 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 87,000 төгрөгийн ногдол ашиг 2020 онд олгож байсан.
Түүнээс хойш 2022 он буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох хүртэлх хугацаанд иргэдэд ногдол ашиг олгоогүй юм. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2023 онд 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваариллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.2 сая тонн нүүрс олборлон, 29.3 сая тонн нүүрс борлуулж, 9.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллан Улсын төсөвт 2.9 их наяд төгрөгийн татвар, хураамж төлж Монгол Улсын Эдийн засагт бодит өсөлт, хувь нэмэр оруулан ажиллаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд татварын дараах дүнгээр 256,000 төгрөг 1072 хувьцаатай иргэнд очих юм.