Газар хөдлөлтөд есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртсэн мэдээ байна
Тайвань аралд сүүлийн 25 жилийн хугацаанд болоогүй хүчтэй газар хөдлөлт тохиолдсон юм.7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв цэг тус арлын зүүн эргийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайтай байв.
Гэхдээ чичиргээ арал даяар мэдрэгдсэн юм. Сүүлийн байдлаар есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна.Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна. Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлуудад цүнамигийн түгшүүр зарласан ч сүүлд цуцлагдсан юм. Хамгийн их хохирол учирсан Хуалень хотод барилгууд нурж, авто болон төмөр замууд хаагдаж, арлын бусад хэсгээс тусгаарлагдаад байна.
Тухайлбал Хуалень хотыг гадаад ертөнцтэй холбодог эргийн нарийн зам хөрсний нуралтад боогджээ. Уг авто замтай зэрэгцээ оршдог Жинвэнь, Чиньшуй хонгилуудын ам бас нурсан байна.Хонгилуудад хоол хүнс, ундны усгүй түгжигдсэн хүмүүс хэр удаан тэсэх нь тодорхойгүй байгаа юм.