Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн настай
Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийсэн талаар мэдээлэл хийлээ.
Мөн үеэр "Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийлээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1 сая 79 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 70 орчим хувь нь суудлын машин, 18.5 хувь нь ачааны машин, бусад хувийг нь автобус зэрэг машин эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа бол 11.3 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байна.
Монгол Улсын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хийлээ. Шинэчилсэн бүртгэлд нийт 1540 орчим алба хаагч ажилласан. Улмаар бүртгэлтэй автомашинаас 204 мянгыг нь хассан. Учир нь тэдгээр автомашин сүүлийн 4 жил техникийн хяналтын үзлэгт ороогүй, 5-аас дээш жил татвар даатгалаа төлөөгүй байсан. Түүнчлэн зарим иргэн хүсэлтээрээ хасалт хийлгэсэн. Ингэснээр 12 орчим тэрбум төгрөгийн татварын өр үүсдэг асуудлыг цэгцэлсэн" гэж мэдээллээ.