Яармагийн шинэ гүүр өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд ашиглалтанд орох ёстой байсан ч энэ сарын 26 -нд нээгдэх гэнэ
Наадамчдын гудамжнаас Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж /ТЭЦ-IV/ хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээхээр болсон. Замыг тавихад Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүр баригдсан бөгөөд замын урт 2.4 км юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцжээ.
Харин ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх юм. Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай, нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Замын бүтээн байгуулалтын ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байна.
Уг нь энэ гүүр 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээж байсан ч барилгын ажид гацсаар 2024 онтой золгосон билээ. Хотын дарга Х.Нямбаатар гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компаниас ам авч байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй байна.