Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Испани руу дүрвэж, орогнол хүсчээ
Венесуэлийн сөрөг хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Эдмундо Гонзалес өчигдөр Испани улс руу дүрвэжээ. Испанийн засгийн газар Гонзалес болон түүний гэр бүлийг тээвэрлэсэн цэргийн онгоц нийслэл Мадрид хотын захад Торрехон де Ардоз баазад газардсан болохыг батлав.
Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес ням гарагт олон нийтийн RTVE телевизэд ярилцлага өгөхдөө Эдмундо Гонзалес тус улсаас орогнол хүссэний дагуу засгийн газар шийдвэрээ гаргасан хэмээгээд 75 настай улс төрчийн биеийн байдал сайн байгаа гэлээ. Харин Эдмундо Гонзалесын хэвлэлийн баг түүнийг Испаниас тэмцлээ үргэлжлүүлж Венесуэлд эрх чөлөө, ардчиллыг сэргээхийн төлөө зүтгэнэ хэмээн мэдэгджээ.
Тэтгэвэрт гарсан дипломатч Эдмундо Гонзалес өнгөрсөн долоодугаар сарын 28-нд Венесуэлд явагдсан сонгуульд ялалт байгуулсан байх магадлалтай гэж олон нийт үзэж буй. Либерал үзэлтэй сөрөг хүчнээс саналын хуудсын 80 хувийг цуглуулж нягталсны үндсэн дээр Гонзалес 67 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг нотолсон.
Гэвч тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро 51 хувийн саналаар өөрийгөө гурав дахь удаагаа ялалт байгуулсан хэмээн зарласнаас Венесуэл даяар иргэдийн жагсаал хөдөлгөөн эрчээ авсан юм.