Умард Солонгосын удирдагч Оросын сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ

9-р сарын 16, 2023 - 10:25
1 жил өмнө
 1  41
Умард Солонгосын удирдагч Оросын сөнөөгч нисэх онгоцны үйлдвэртэй танилцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун харих замдаа өчигдөр Комсомольск-на-Амуре хотод саатаж, сөнөөгч онгоцны үйлдвэртэй танилцжээ.

Тэрбээр хуягт галт тэргээрээ Ням гарагт Пёньян хотоос гарсан юм.

Кимийг ОХУ-ын үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров дагалдсан байна. Хабаровкс муж дахь Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрт зочлохдоо Ким олон зориулалтын Су-35 сөнөөгч онгоц болон шинэ Сухой Суперджет-100 онгоцны сүүлийн шатны угсралтын явцтай танилцсаныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Мөн үйлдвэрээс гарсан шинэ Су-35 онгоцны туршилтын нислэгийг ажигласан байна.

Умард Солонгосын агаарын хүчнийг шинэчлэх зорилготой Ким уг үйлдвэрт зочилсон байж магадгүйг ажиглагчид хэлж байна.

“Умард Солонгос хөөрөх зурвасаа 300 метрээр сунгаж, шинэ ангар барьсан нь илүү том, хүнд сөнөөгч онгоцтой болох бэлтгэл ажил байж магадгүй юм” гэж Өмнөд Солонгос дахь Солонгосын Батлан Хамгаалах Сүлжээ судалгааны хүрээлэнгийн захирал И Ил Вү ярьжээ.

“Пёньяны дэглэм одоо МиГ-29 онгоцнуудтай. Су сөнөөгч онгоц үүнээс том бөгөөд хүнд байдаг” гэж тэр цааш үргэлжлүүлсэн байна.

Гэхдээ Орос улс одоогоор Су онгоцны экспортын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа тул хуучин МиГ-29 онгоцнуудаа Умард Солонгост нийлүүлэх ч магадлалтайг бас тайлбарлажээ. Одоо ОХУ-ын арми 240 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцтой юм байна.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow