Украины нэг хотод 51 хүн алагдаж, 271 хүн шархадлаа
Украины төв бүсийн Полтава хотын цэргийн академи Оросын хоёр баллистик пуужингийн цохилтод өртөж, 51 хүн алагдаж, 271 хүн шархаджээ.
Энэ явдлыг энэ оны хамгийн олон хохирогчтой нэг удаагийн агаарын халдлага болсон гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү цохилтын хариуцлагыг Оросын түрэмгийлэгчдээр хүлээлгэхээ амлаад холбогдох албаныхандаа мөрдөн шалгах үүрэг өгчээ. Албаныхан амь үрэгдсэн хүний тоог 50 болон 51 гэж хоёр өөрөөр мэдээлсэн байна. Пуужингийн цохилтод өртсөн Батлан Хамгаалахын Харилцаа Холбооны Академийн барилгын нуранги дор дахиад 15 хүн байж магадгүйг Полтава мужийн захирагч Филип Пронин мэдээлжээ. Украины хуурай замын зэвсэгт хүчний төлөөлөгч амь үрэгдсэн хүмүүсийн дунд цэргийн алба хаагч байсныг баталсан ч тоог нь хэлээгүй байна. Олон зуун километрийн зайг хэдхэн минутын дотор туулдаг баллистик пуужингийн цохилтоос хохирогчид зугтах хугацаа байгаагүйг Украины гадаад хэргийн яам мэдэгджээ.
Оросын арми Украины хотуудыг чиглэсэн агаарын довтолгоонуудаа сүүлийн өдрүүдэд эрчимжүүлээд байна.