Украины асуудлаарх Мальтын уулзалтын эхний өдрийн үйл ажиллагаа дууслаа
Украины асуудлыг энхийн замаар зохицуулах тухай сэдвээр Мальт улсад болж буй олон улсын хурлын эхний өдрийн үйл ажиллагаа дууслаа. Уулзалтад нийт 66 улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүд оролцож, Украины дэвшүүлсэн “энхийн томьёоллыг” хэлэлцэж байна. "Энхийн томьёоллыг” Ерөнхийлөгч В.Зеленский 2022 оны 11 дүгээр сард болсон “Их20”-ийн уулзалтын үеэр анх танилцуулсан юм.
10 зүйл заалт бүхий төлөвлөгөөнд Украины нутгаас, түүний дотор Крымээс Оросын цэргийг гаргах, цэргийн гэмт хэрэгтнүүдийг шийтгэх, нөхөн төлбөр төлөх гэх мэт асуудлыг тусгажээ.
Хуралд оролцогчдын жагсаалтыг албан ёсоор гаргаагүй боловч Reuters ба AFP агентлагуудын мэдээлснээр, Хятадын төлөөлөгчид оролцоогүй ажээ. Хятад улс өмнө нь Саудын Арабын Жидда хотод болсон уулзалтад оролцсон юм. Дэлхийн улс орнуудын удирдагчдыг оролцуулсан Украины асуудлаарх өргөн хүрээтэй дээд хэмжээний уулзалтыг оны сүүлчээр зохион байгуулахыг Мальтын хуралд оролцогчдоор зөвшөөрүүлж чадна хэмээн зохион байгуулагчид найдаж байгаа юм.