Цүнх барьж манкурт боол шиг амьдрах залуусын “арми” эхнээсээ шоронгийн хаалга татаж байна
-МАНКУРТ БООЛ ГЭЖ ЧИНГИЗ АЙТМАТОВ УРАН ЗОХИОЛООРОО ДАМЖУУЛЖ БИДНИЙ СЭТГЭЛГЭЭНД СУУЛГАСАН ОЙЛГОЛТ БИЙ. БООЛ БОЛГОХ ГЭСЭН ХҮНИЙХЭЭ ТОЛГОЙГ ШИРЛЭЖ, ХЭН БОЛОХ, ЭЦЭГ ЭХ НЬ ХЭН, ХААНААС ГАРАЛТАЙГ НЬ МАРТУУЛДАГ. ҮҮНТЭЙ “ЦҮНХ БАРИГЧ”-ДЫН АМЬДРАЛ АГААР НЭГ ЮМ-
Нүүрсний хэрэгтэй холбоотой үйл явдлаас хөвөрдөхөд “цүнх баригч”-д шорон руу жим татуулж байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, 7.3 тэрбумыг гэртээ нуусан С.Батдөл, араас нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслах асан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадоржийг АТГ-аас “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Т.Аюурсайханаас "Эрдэнэс Монгол"-ын Б.Ганхуягтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг Авилгатай тэмцэх газар авсан. Дээрх хоригдож цагдаж буй хүмүүс бол бүгд “цүнх баригчид”. Цүнх баригчид байсан гэдгийг нь тэдний ажлын гараа, түүх намтар нь хэлээд өгнө. “Цүнх баригч”-дыг харин хуулийн хаалга татаад явахад цүнхээ бариулж байсан албан тушаалтнууд “танихгүй”, “мэдэхгүй” гэж хэлдэг нь гэм биш зан. Тухайлбал, Т.Аюурсайхан И.Даваадоржийн хэргийн талаар “мэдэхгүй” гэж мэлзсэн бол “Б.Ганхуягтай гэмгүй танилууд” гэж хэлсэн байгаа юм. Харин Б.Ганхуягтай “галзуу” ганц найз минь гээд явж байсныг нь мэдэх хүмүүс түүний жудаггүйг гайхаж сууна. Гайхах ч багадна. Албан тушаалтнууд бол ингэж л уснаас хуурай гардаг. Тойрч гүйгээд өмнөөс нь шоронд орохоос ч буцахгүй, бүх зүрхтэй, зоригтой дуугарах “цүнх баригч”-дыг эхнээс нь сайн бэлдснийх юм. Цүнх бариулж байхдаа л тэдний тархийг угаадаг, давхар төрөөс хөрөнгөжих замыг нь засаж, төрийн мөнгийг угаах аргыг заана. Болгоомжтой байлгүй баригдвал “цүнх баригч”-дын буруу. “Цүнх баригч” ялаа үүрээд шорон руу явна. Албан тушаалтнууд дараагийн цүнх баригчдаа олоод авчихна. Ийм хямдхан амьдарч буйгаа тэд шоронд орж л байж ухаардаг. Манкурт боол гэж Чингиз Айтматов уран зохиолоороо дамжуулж бидний сэтгэлгээнд суулгасан ойлголт бий. Боол болгох гэсэн хүнийхээ толгойг ширлэж, хэн болох, эцэг эх нь хэн, хаанаас гаралтайг нь мартуулдаг. Үүнтэй “цүнх баригч”-дын амьдрал агаар нэг юм. Манкурт боол бол орчин цагийн “цүнх баригч”-дын эмгэнэлт төрх юм. Төрийн байгууллагаар нэг цүнх баригч нар бий. Болж буй үйл явдлуудаас сургамж авч ёс зүйтэй байж зөв явж эхлэхгүй бол дараагийн “цүнх баригч” чиний ээлж гэдгийг бүү март.
“ЦҮНХ БАРИГЧ”-ДЫН ДАМЖАА БА ХАЛХАВЧ
Өөрийн гэсэн үзэл бодолтой, хийж бүтээх тэмүүлэлтэй боловсон хүчин бэлтгэгдэн төрж байна. Дотоод гадаадад суралцдаг ч боллоо. Шинийг хийж бүтээх дүүрэн эрмэлзлээр залуус ирдэг. Тэдэнд ажил олдоггүй. Заавал нэг залуучуудын байгууллагаар явах болдог. Тэд нь МОХ, МЗХ, МАН-ын НАМЗХ, АН-ын АЗХ хэдхэн сонголттой. Энэ дотроос МАН-ын НАМЗХ гэж ямар ч боловсролтой хүний тархийг угааж, манкурт боол шиг болгодог газар байна. Үүнийг нотлох нэгэн баримт бол “Өдрийн сонин”-д гаргасан нийтлэл. Энэ нийтлэлд “... Залуус хүнийхээ хувьд хэн нэгэнд долигонож байж дээшээ явдаг гэсэн үзэл бодлын суурь төлөвшилтэй болж байна. Дарга даамал хүн бүрт очиж наалддаг, тийм хүмүүсийг л хүн гэж үздэг, бусад хүмүүст нохой мэт ханддаг ийм нэг бүлэг залуус ирээдүйд Монголыг удирдана. Монголыг удирдахдаа тэд ард түмэндээ, эх орондоо яг л ийм үзлээр хандана. Тэднийг нэг талаас буруутгах арга бас алга. Учир нь тэдний үлгэр дуурайл болсон намынх нь том дарга ах эгч нар нь яг л ийм зан араншингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор тэр юм. Сайн дагаж далдагнавал том дарга болно гэсэн үлгэрлэлийг дээд үеийнхээсээ авсан хүүхдүүд МАН-д олноор бэлтгэгдэж байна. Үүнийг бүр албан ёсжуулж саяхан МАН-ын генсекийн зүгээс “НАМЗХ бол “Мэргэжлийн улстөрч бэлддэг байгууллага юм” гэж тунхаглан зарласан юм. Бас л том байгаа биз. Томрох нь тодорхой, том дарга болох нь бүр ч тодорхой гэсэн үзлээр хүмүүжүүлэх нь. Өмнө нь ингэж хүмүүжсэнүүд нь улс орноо хэрхэн тонон дээрэмдсэний үр дүнд өнөөдрийн Монголын байж байгаа царайг хар...” хэмээсэн байв. Энэ нийтлэлд үнэнээр нь хачиргүй хөндсөн нь энэ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Монголын оюутны холбоогоор дамжуулж, ЭТТ ХК-ийн зүгээс жагсаалыг турхирч байгаа. Данс руу нь мөнгө шилжүүлсэн баримт, асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж буй" гэж ноцтой зүйлийн талаар мэдэгдсэн. Монголын оюутны холбоонд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс НАМЗХ руу ордог. Тэндээс залуус ЭТТ ХК-д холбоо хамааралтай ажилладаг зүй тогтол бий. Төрийг мафижуулах боломж бололцоог нь өгч байгаа газар нь залуучуудын байгууллага нь болохоор Монгол орон яаж хөгжих вэ дээ.
МОХ, НАМЗХ-оор дамжсан "цүнх баригч" залуус ЭТТ ХК-ийн удирдлагуудад нүүрс тээврийн гэрээг нь бүтээж өгөх, улмаар тонн тутмаас нь бэлнээр, ам.доллараар хувь авч ирсэн асуудал. Энэ мэтээр залуучууд руу чиглэсэн байгууллагууд нь залуучуудын нэрээр халхавч хийн “цүнх баригч”-дын бүхэл бүтэн “арми” төрүүлж буй нь нууц биш. Өнөөдөр аль нэг яамны газар хэлтсийн дарга нар НАМЗХ-ын гаралтай хүмүүсээр дүүрсэн. Үүнийг захын хүн л хэлэх байх.
Манкурт боол шиг ийм л залуус төрд шургалж харин жинхэнэ намын, холбоодоор орж өөрийнхөө “тархийг” угаалгаагүй залуус ажилгүй явж байна. Гэхдээ “цүнх баригч” үүрдийнх биш. Залуу хүний эр зоригоор зөв явахгүй бол шорон та нарт хамгийн ойрхон байгаа гэдгийг “цүнх баригч”-д ухаарах хэрэгтэй. Өнөөдөр гэр бүл, амь нас эрүүл мэндээс илүү үнэтэй цэнэтэй албан тушаал, мөнгө гэж байхгүй юм.