"The MongolZ" Саудын Арабын оддын цуглуулга гэгддэг "Falcons"-ийг хожжээ
Цахим спортын "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэллээ.
Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо дэлхийн чансааны 13 дугаарт эрэмбэтэй, Саудын Арабын "Falcons" багтай хийв. Гурван ээлжийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст "The MongolZ" баг өрсөлдөгчөө 2-1 гэсэн харьцаатай хожлоо. Тэд В хэсгийн дээд хагас шигшээд "G2 Esports" багтай учраа таарлаа. Шилдгүүдийн цуглуулга "G2 Esports" багийн тухайд өнөөдөр эхний тоглолтдоо Ази тивийн өөр нэгэн төлөөлөл болох Хятадын "TYLOO"-г хожсон юм. "The MongolZ" болон "G2 Esports" багуудын тоглолт өнөөдөр 22:30 цагаас эхэлнэ.
Саудын Араб спортод хөрөнгө оруулж байгаагийн нэг хэсэг нь цахим спорт. Тэд саяхан "Falcons" багаа бүрэн шинэчилж, Европын шилдгүүдийг мөнгөөр урхидсан. Гэвч тэмцээнүүдэд бүтэл муутай оролцож, эздийнхээ, фэнүүдийнхээ хүссэн амжилтыг хараахан үзүүлж чадаагүй байгаа. Алдарт дасгалжуулагч "Zonic"-ийн удирдлага дор "Snappi", "maden", "Magisk", "SunPayus", "dupreeh" гэсэн хүчирхэг таван тоглогч нэгдсэн юм. Ийм хүчирхэг өрсөлдөгчөө ялсан нь "The MongolZ" гайхамшиг байсан юм.
Тэмцээний нийт шагналын сан 750 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг "IEM Cologne"-д оролцох эрхийг авна. Мөн багуудын үзүүлсэн амжилтаас шалтгаалан "Blast Premier"-ийн чансааны оноо цуглуулна.