Теле камерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурчээ
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгтэй улсын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлыг эрчимжүүлж буй.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн бүх хороодыг теле хяналтын камерын бүрэн хяналтад авснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, сүүлийн хоёр жилд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сайн туршлагын нэвтрүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард “Тайван хот - Таны оролцоо” гэсэн уриа дор нийслэлийн таван дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлэв.
Мөн дээрх хороодыг телекамержуулснаар бусад хороод ижил түвшинд камертай болох ажлын эхлэл тавигдаж, нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа хангагдана гэж үзэж байгаа аж.