Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд оллоо.
Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, боогдсон 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангав.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Онц шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.