Сошиалд үзэл бодлоо илэрхийлсэн зургаан хүнийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн хүрээнд анх удаа иргэдийг баривчлан саатуулжээ. Хонконгийн Парламентын гишүүдийн дийлэнх нь Бээжинг дэмжигчид байдаг. Тус Парламентад урван тэрслэх, өдөөн хатгах, төрийн нууц задлах зэрэг хэргүүдийг орон нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэх хуулийн төслийг гуравдугаар сард хэлэлцэж баталсан. Хуулийн дагуу баригдсан хүмүүсийн шүүх хурлыг хаалттайгаар явуулах зүйл заалт ч тусгагджээ.
Хонконгийн эрх баригчид энэ хууль иргэдийн амар тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг оролцоотой гэж мэдэгдэж байгаа ч хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж шүүмжилсэн байр суурьтай байгаа юм.
Хонконгийн аюулгүйн хүчний цагдаа нар шинэхэн баталсан хуулийн хүрээнд таван эмэгтэй, нэг эрэгтэйг баривчилсан байна. Эдгээр зургаан хүнийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан дөрөвдүгээр сараас хойш иргэдийг өдөөн хатгасан нийтлэл, пост оруулсан хэрэгт буруутгажээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрч Чоу Хан тун багтсан байна.Цагдаа нар Чоу Хан Тун зэрэг зургаан хүн ард иргэдийг Бээжин дэх төв Засгийн газрын эсрэг турхирч, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах сэдэлтэй байсан гэж буруутгажээ. Хэрвээ аюулгүй байдлын шинэ хуулийн 23-р зүйл заалтаар буруутгагдвал долоо хүртэл жилийн хорих ял сонсох юм байна.






