Шүүгдэгч Б.Махбалын хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр УДШ шийдвэрлэжээ
Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг өнөөдөр (2023.12.27) хянан хэлэлцлээ. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил нэг сар зургаан хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байна.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Махбалд холбогдох шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.