Нойргүйдлийг эм уухгүйгээр эмчлэх арга
Нойргүйдэл үүсэх үндсэн шалтгаан нь стресс юм. Мөн үүнээс гадна олон хүчин зүйлээс шалтгаалж, нойргүйдэл үүсдэг байна. Тухайлбал,
Буруу амьдралын хэв маяг
Биеийн хөдөлгөөн багатай байх, сэргээш бэлдмэлүүд хэрэглэх, өдрийн цагаар унтах, эмх замбараагүй өдрийн хэмнэлээр амьдрах, ядаргаанд орох зэрэг зүйлс нойргүйдэл үүсэхэд багагүй нөлөө үзүүлж байдаг.
Зарим биеийн эрхтэн, тогтолцооны өвчин
Нойргүйдэл нь бамбай булчирхайн өвчин, бөөрний дээд булчирхайн өвчин, өвдөлтийн хам шинж, зүрх судасны тогтолцооны эмгэг зэргээс болж үүсэх нь элбэг тохиодог. Тиймээс, хэрэв та өөрийгөө нойргүйдэлтэй байна хэмээн сэжиглэж байгаа бол эхлээд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.
Шим тэжээлийн дутагдал
Нойр хулжиж, унтаж амрахад асуудалтай байгаа нь D, B бүлгийн аминдэм, төмөр, илчлэгийн дутагдал, биед хэрэгцээтэй нүүрс усны дутагдал зэргээс мөн үүдэлтэй байж болно.
Сэтгэлзүйн болон сэтгэцийн асуудлууд
Сэтгэлийн гүн хямрал, сэтгэл түгших эмгэг, архаг стресс, төрөл бүрийн донтолт нь заримдаа удаан хугацааны болон байнгын нойргүйдлийн эмгэгийг үүсгэдэг.
Нойргүйдэл ямар ч шалтгаангүйгээр үүсэх боломжтой бөгөөд үүнийг архаг органик бус нойргүйдэл гэж нэрлэдэг. Энэ төрлийн нойргүйдэл нь яг л жирийн нойргүйдлийн адил дээр дурдсан шалтгаануудын аль нэгний улмаас үүсдэг. Тэрхүү өдөөгч нь хүнд удаан хугацааны турш сөрөг нөлөөгөө үзүүлсээр нойргүйдэлд хүргэдэг байна. Жишээ нь хүн богино хугацааны стресс (осол, шалгалт шүүлэг г.м.) биш харин урт хугацааны стресст автсанаар (салалт, зөрчилдөөнтэй нөхцөл байдал гэх мэт) эцэст нь нойргүйдэл бий болдог.
Ийм төрлийн урт хугацааны асуудал нь хүний мэдрэлийн системийг тогтмол цочроож байдаг тул тархи нойрыг хэвийн байдалд нь оруулж чаддаггүй. Ингэснээр нойрны хямрал нь улам л хурцдаж эхэлдэг байна. Хүн хэд хоног дараалан унтах гэж оролдсон ч унтаж чадаагүй бол цаашид ч унтаж чадахгүй байх хэмээн эмээж, айдсын рефлекс тогтдог. Үүнтэй холбоотойгоор хүн өдрийн турш маш их ядарч сульдсан ч орой орондоо ороход нойр нь шууд л сэргэчихдэг.
- Нойргүйдэлтэй нүүр тулж буй хүн унтаж, нойроо авахын тулд орон дотроо илүү их цагийг өнгөрүүлж эхэлдэг. Гэвч их цагаар унтлаа гээд энэ нь нойрны чанарт нөлөөлдөггүй аж. Иймээс орон дотроо илүү их цагийг өнгөрүүлснээр нойр улам л гүехэн болж, шөнө олон дахин сэрэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг.
- Орондоо хэвтэж, унтахыг хүлээж байгаа боловч "ор=сэрүүн байдал" гэсэн шинэ сөрөг рефлекс үүсдэг.
- Унтах гэж хэт хичээж эхэлдэг боловч оролдлого, хүчин чармайлт нь мэдрэлийн системийг улам л идэвхжүүлж өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ нойр хүрэх явц нь хүнийг хичээгээгүй байхад л хүрэх ёстой юм шүү дээ.
- Нойрны хямралаа давахын тулд эм бэлдмэл хэрэглэж хэвшээд цаашид эмгүйгээр унтахаас эмээж эхэлдэг.
- Нойргүйдлийн талаарх мэдээллийг идэвхтэй судалж, бусадтай ярилцан нойрондоо хэт их анхаарал төвлөрүүлснээр тайван унтаж амрахад бэрх болдог.
Нойргүйдлийн эмгэг нь дараах шинж тэмдгээр илэрнэ.
- Орондоо орж унтахаар хэвтээд 30 минут эсвэл түүнээс дээш хугацаа өнгөрсний дараа л унтаж чадах
- Шөнө олон дахин сэрдэг, тэдгээр сэрүүн байх мөчүүдийн нийлбэр нийт 30 минут орчим байх
- Өглөө сэрүүлэг дуугарахаас 30 минутын өмнө сэрэх
- Гүехэн нойрсох
Гурван сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн нойрны хямралыг хурц нойргүйдэл хэмээн нэрлэдэг. Хэрэв гурван сараас дээш бол архаг нойргүйдэл гэдэг. Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх нь:
- Өдөр бүр тогтмол цагт орондоо орох, босох
- Унтахаас нэг цагийн өмнө тайвширч амрах – усанд орох, ном унших зэрэг
- Унтлагын өрөөний гэрэл, дулааны зохицуулах
- Өдөр бүр өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх
Мөн хурц хэлбэрийн нойргүйдлийг ихэнх тохиолдолд эм уухгүйгээр эмчлэх боломжтой. Ердөө л дээр дурдсан дүрмүүдийг мөрдөхийн зэрэгцээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, мэдрэлийн системийг тайвшруулах арга техникийг ашиглахад хангалттай юм. Тус зөвлөмжүүдийг баримталснаар хэдэн хоногийн дараа нойрны хямралаас ангижирч чадна.