Чаддаг юм бол Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёроо авч ирээд ингэж пиардаарай!!!

4-р сарын 5, 2023 - 16:34
2 жил өмнө
 0  157
Чаддаг юм бол Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёроо авч ирээд ингэж пиардаарай!!!

МАН-ын эрх баригчид Засгийн газрын шувуу ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан авчирлаа. Шувуу ажиллагааны Монгол Улсад авчирч буй эхний нэр бүхий хүн нь Т.Бадамжунай боллоо. Түүнийг баривчлах үеийн зураг нь зохион байгуулалттайгаар сошиалаар тарж, хүүхэд нохойн доог болохыг үзлээ. Харц нь гундуу, бие нь ядруу хаанаас нь ч харсан өрөвдмөөр нэгэн зогсч байна билээ. Хэдий баян тарган  байлаа ч олон жил харьд зугтаж, бүлээн цай, бүтэн нар үзэлгүй бусгаж яваа эрд  эх орон элгэн саднаа  санаж бэтгэрэх зовлон байлгүй л яахав, ямар олиг байв гэж. Харийн нутаг хөгжил ихтэй  ч Монголыг нь яаж гүйцэхэв. Хүн ёсны хувьд ингээд бодохоор 70 гарсан өвгөнийг яахнав дээ. 


Үнэндээ гадаадад байгаад залхсан  хүн, нутаг орондоо очих хүсэлт гаргаж  дүү нартаа  “тахимаа” өгөхдөө  хүртэл тэдэнд дуртайяа ашиглуулж байна. Энэ бол эр хүний зангараг. Туг ч барьсан, тугал ч хариулсан хүн хүнээрээ явахыг үлгэрлэж байна. Харин Т.Бадамжунайг том явахад МАН-ын “цүнх баригч” хийж байсан "Социал демократ Монголын залуучуудын холбоо буюу хуучнаар НАМЗХ-ны дарга явсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр төрийн өндөрлөгт гарч. Юмс өөрчлөгддөгийн нэг үнэн төрх. Бас юмс өөрчлөгддөг ч хүний хүн чанар голч шугамаасаа гажууддаггүйг Т.Бадамжунай харуулж  байх юм.


У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хэний “цүнх баригч” байсныг хувь хүнийх нь намтар гэрчлээд өгдөг. Үүнийг нотлоход Харвардын диплом “шаардлагагүй”. МАН-ынхны хувьд Т.Бадамжунай гэдэг хүнд  гавьяа ч бий, гай ч бий. Түүнийг намынх нь нөхөд бол зангаргатай, залуу үеэ байнга дэмжиж, эвээж явсныг нь хэлдэг юм билээ. Харин өнөөдөр “цүнх баригчид” нь МАН-аа толгойлоод,  Монгол Улсын  төрийн эрхийг бариад явж байна.

Шувуу ажиллагаа явуулж буй агуулга нь гоё л доо. Хэрэг хийсэн бол шийтгэх нь ч зөв. Гэхдээ Т.Бадамжунайг тосож угтан, шоу хийж буй нь бүр ч увайгүй санагдлаа.Үнэндээ өөрөө ирэх хүсэлтээ гаргасан хүнийг заавал ингэх хэрэг байсан уу. Хүний гэм буруутайг шүүхийн байгууллага тогтооно. Тэр бол дараагийн асуудал. Х.Нямбаатар гүйж ирж мэдээлэл өгөөд том агууллагатай ажиллагаагаа шоу болгож орхилоо. Үеэ өнгөрөөсөн, настай хүн эх орондоо ирэх хүсэлт тавихад шүүрч аваад шувууныхаа торонд  хийж буй  Л.Оюун-Эрдэнэ түүний үеэл Х.Нямбаатар нар өөрсдөө тэр “торондоо” орчиж байгаа юм биш үү. Муу эр дайнд хөөрнө гэгчээр жаахан жудаг гэгч зүйлийг сурвал зүгээр юмсан. Анх Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхдээ ”Ахаа хэмээн баруун суганаас нь салахгүй гүйж яваад  боломж олдохоор нь МАН-ын дарга М.Энхболдоо “түгжилдэж” гарч ирсэн.Үүнийг Засгийн тэргүүн болсон Л.Оюун-Эрдэнэ мартсан байж болох ч монголчууд мартаагүй. Одоо өөрийн өчүүхэн пиараа өсгөхийн тулд Т.Бадамжунайг ашиглаж байна. Л.Оюун-Эрдэнэд хазайж болохгүй зарчим,тоглож болохгүй хүн, шоудаж болохгүй зүйл гэж алга. Шударга байна гэдгийг увайгүй байна гэж ойлгодог бололтой. Уг нь шударга байх увайгүй байх хоёр  ялгаатай  гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Та нарт ч ийм өдөр ирж мэднэ. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг битгий туйлшир, амьдрал баян. Чаддаг юм бол Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёроо авч ирээд ингэж пиардаарай!!!

 

Share:
157

like

dislike

love

funny

angry

sad

wow