Ш.Наранчимэг Тоскад гоцолно
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ бямба гарагт Ж.Пуччинийн “Тоска” дуурийг толилуулна. Дуурийн дүрийн танилцуулга гарсан бөгөөд энэ удаа Тоскад гавьяат жүжигчин Ш.Наранчимэг гоцолно. Тэрээр 2003 оноос одоог хүртэл УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ хүргэсэн.
Ж.Пуччини нэг удаа В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, өөрийн алдарт дууриа бүтээсэн гэдэг.
Энэхүү дуурь нь хайр дурлал, аллага, өс хонзон, чин үнэнч сэтгэлийнхөө төлөө амиа хорлосон эмгэнэлт түүхийг өгүүлсэн бөгөөд дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.