Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотод 130 орчим айл үерт автсан. Ихэнх айл эзэнгүй байна
"Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автсан. Эдгээр айл өрхийн ихэнх нь эзэнгүй байв. Эзэнтэй байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулах ажлыг зохион байгуулжээ.
Гал унтраах 34, 74 ангийн алба хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 дуудлага ирээд байгаа ч заримд нь хараахан очиж амжаагүй. Үндэсний аврах бригадаас хоёр бүлэг нэмэлтээр ирж, очоогүй дуудлагад хүрч ажиллаж байгаа аж.
Санзай, Хандгайтын зусланд байгаа иргэд "Байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч" гэдэг гомдол мэдээлэл нэлээдгүй ирсэн. Сэлбэ голын далан босгох ажилд хүн хүч ажиллаж байгаа учир энэ хэсэгт далан барьж амжихгүй байна. Нөхцөл байдал хүнд байна. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна хэмээн албаныхан ярилаа.