Ш.Алтантуяад холбогдох хэргийг Малайзын ЗГ давж заалдах өргөдөл өгчээ
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарч байв. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсаны эцэст Малайзын шүүхээс арванхоёрдугаар сарын 16-нд хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарласан билээ. Тодруулбал, Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн тус улсын засгийн газрыг буруутай гэж үзжээ.
Шүүхээс буруутай этгээдүүд таван сая ринггитийн нөхөн төлбөр төлж барагдуулах шийдвэр гарсан. Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн 100 сая ринггит нэхэмжилсэн боловч Давж заалдах шатны шүүгч Датук Вазир Алам Мидин Меера энэ мөнгөн дүнг хэт их байна гэж мэдэгджээ. Тиймээс таван сая ринггитийг дөрвөн этгээд хувааж төлөх шийдвэр гаргасан.
Малайзын засгийн газар болон улс төр судлаач Абдул Разак Багинда нар давж заалдах өргөдөл өгчээ. Хуульд зааснаар давж заалдах гомдлыг 30 хоногийн дотор гаргаж болдог. Давж заалдах өргөдөл ирүүлснийг Холбооны ахлах зөвлөх бөгөөд Ерөнхий прокурорын танхимын иргэний хэлтсийн хоёрдугаар орлогч дарга Шамсул Болхасан баталжээ.
Эх сурвалж: THE EDGE MARKET