С.Ганбаатар: Шүүхэд Б.Ганхуягийн талаар бичиг ирээгүй гэнэ. Шударгын туйл Б.Энхбаяр та худлаа ярьсан байна
Өнөөдөр түр хорооны гишүүн С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ирж холбогдох хүмүүстэй уулзсан байна.
Энэ талаар тэрбээр "Сонсголын даргалагч Б.Энхбаяр миний хүсэлтийн хариуд "Шүүхэд хандсан. Шүүх оролцуулахгүй гэж хэлсэн, шийдсэн гэсэн" гэж хэлсэн. Өнөөдөр би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн удирдлагуудтай уулзахад тэд надад
"Танай Б.Энхбаяр сайдаас юу ч ирээгүй, оролцуулах үгүй нь шүүхийн асуудал биш төрийн дээд байгууллага болсон та нарын асуудал шүү ээ" гэж хэллээ. Би шараа боллоо. Шударгын туйл Б.Энхбаяр худлаа ярьсан байна, та. Ямар бүдүүлэг худлаа ярьдаг юм бэ. Мөн шүүхээс "Дээрх асуудал нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэлээ. Б.Энхбаяр сайд та шүүх шийдсэн гэсэн байх аа? Та хууль мэддэг ухаантай хүн байх, худалч гэхээс илүү та андуурсан байх үүнийгээ яаралтай зас. Өнөөдөр Б.Ганхуяг өөрөө "Нүүрсний сонсголд оролцуулж, намайг яриад байгаа юман дээр намайг яриулаад өгөөч ээ" гэсэн бичиг явуулсан байна. Одоо Б.Энхбаяр хүсэлт явуулсан гэж худлаа ярьсан юмнаасаа уучлалт гуйгаад бичгээ шүүх рүү явуулчих.
Монголын төрд дөрвөн цагдаа байхгүй бол би хэдэн дүү нартайгаа хойно, урд нь хянаад аваад ирсэн ч болно шүү дээ. Эсвэл хорих газарт нь интернэт байгаа шүү дээ. Ядаж лайваар сонсголд оролцуулаач гэж байгаа юм. Маш энгийн" гэлээ.