Сэргээштэй тамирчдын Олимп хийхийг дэлхийн олон улсын байгууллагууд эсэргүүцэж байна
Сэргээш хэрэглэдэг тамирчдад зориулан уламжлалт бус Олимпын тоглолтыг /Enhanced Games/ зохион байгуулах боломжийг үгүйсгэн эсэргүүцсэн мэдэгдлийг Шударга тоглолтын олон улсын холбоо /CIFP/, Олон улсын Олимпын холбоо ба Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас /ВАДА/ гаргажээ.
Хэд хоногийн өмнө New York Post сонинд бичсэнээр бол, Америкийн тэрбумтан Питер Тиль допингтой тамирчид оролцох “эрчимжүүлсэн Олимпын наадмыг” санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Ийм наадмыг усанд сэлэлт, гимнастик, хүнд атлетик, хөнгөн атлетик, тулааны урлаг гэсэн таван төрлөөр жил бүр зохион байгуулна гэх мэдээлэл мөн цацагдсан байна. Тус Олимпод мэргэжлийн тамирчид төдийгүй сонирхогчид, зодог тайлсан болон одоо ид өрсөлдөж буй тамирчид оролцож болох гэнэ.
“Иймэрхүү спортын арга хэмжээнд шударга өрсөлдөөн, спортын ур чадвар гэсэн ойлголтууд огт хамаарахгүй гэж ОУОХ, ВАДА үзэж буйтай бид санал нэг байна. Үүний сацуу тоглолтод оролцогчдын эрүүл мэндэд сүйрлийн эрсдлийг учруулна, учир нь, тамирчид ба тэдний өрсөлдөгчид эрүүл сэтгэлгээний хил хязгаараас давахыг хичээх болно” гэж CIFP-ийн мэдэгдэлд дурдсаныг Inside the Games цахим хуудсанд эш татжээ.
Мөн ийм төрлийн уралдаан тэмцээнүүдэд оролцсон тамирчдын эсрэг хориг тавина гэдгээ ВАДА анхааруулсан байна. “Хэрвээ тамирчид ба тэдэнд туслах бие бүрэлдэхүүн ийм “эрчимжүүлсэн тоглолтуудад” оролцох аваас тэд Дэлхийн сэргээшийн эсрэг дүрэмд зааснаар сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчих эрсдэлд орох болно” гэдгийг тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд сэрэмжлүүлжээ.