“Сэр сэр салхи” Венецийн олон улсын кино наадмаар дэлхийд нээлтээ хийнэ
Монгол кино анх удаа 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийхээр болжээ. 2023 оны долоодугаар сарын 25-нд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “Сэр сэр салхи” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан билээ.
Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн олон улсын кино наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүү ЗЭ-гийн тухай өгүүлдэг энэхүү кино нь залуу найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүндтэй “Screendaily” сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэжээ.
Мөн найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч юм.
Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтанд Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутанууд оролцон тоглосон.
Найруулагч П.Лхагвадулам одоо Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа юм. Тэрээр энэхүү бүтээлийнхээ талаар “Энэ кино нь өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Энэхүү бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн хэрхэн Монголын соёлын нэг хэсэг болох бөөгийн соёлыг тээнгээ өсөж, сурч, амьдарч буйг харуулахыг зорьсон.Нөгөө талаараа орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг хичээсэн. Бас энэ киног миний эх орныхоо төлөө өргөж буй "ерөөл" гэж үзэж болно. Учир нь гол дүрүүд маань хэд хэдэн удаа хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч миний эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ерөөж буй илэрхийлэл юм“ гэж тэрээр өгүүлжээ.
Тус киноны Монгол дахь нээлтийг 2023 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, киног үзэгчдийн хүртээл болгох юм байна. Мөн киноны олон улсын үгээлтийг Бельгийн BEST FRIEND FOREVER болон Францын ARIZONA DISTRIBUTION байгууллагууд хариуцаж буй аж.
80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам маргааш /2022.08.30/ эхлэх бөгөөд есдүгээр сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.
“Сэр сэр салхи” кино наймдугаар сарын 30, 31, есдүгээр сарын 1-ний өдөр үзэгчдийн хүртээл болно.