С.Бямбацогт: Би Их хурлын индэр дээрээс шүгэл үлээж байна. С зөвшөөрлийн авлигал 20-30 сая болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой УИХ-ын гишүүд үг хэлсэн. Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт чуулганы индэр дээрээс шүгэл үлээж байна гэв. Тэрбээр "Үндэсний баялагийн сангийн хуулийг хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга энэ байсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэнээс өөр хуулийн заалт Ажлын хэсэг оруулж иржээ. Үндсэндээ хуулийг гууль болгох гэж байна.
Бид хурдан хугацаанд Баялагийн сангийн хуулиа баталмаар байна. Энэ хуулийн зарим заалт тэс хөндлөн болсон. Ийм чухал хуульд хариуцлагагүй хандмааргүй байна. АЗЗА компанийг яах оруулж байгаа юм бэ. Ашиг олдог компани биш шүү дээ. "Эрдэнэс Монгол" ХХК Гашуунсухайтын замыг эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг. Жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог. Тэгсэн хэр нь замаа засдаггүй энэ компани. Урьд нь С зөвшөөрлийн асуудал яригдсан. Авто тээврийн үндэсний төв дээр байхгүй бол уул уурхайн компаниуд авлига аваад байна гэсэн. Өнөөдөр С зөвшөөрлийн авлига урьд нь 2-3 сая төгрөг байсан бол одоо 20-30 сая болсон байна. Би Их хурлын индэр дээрээс шүгэл үлээж байна. Уул уурхайн компаниудад С зөвшөөрөл өгдөг болсноос энэ авлигал бий болсон нь үнэн. Өмнө ч би бас шүгэл үлээж байна. Төмөр зам дээр Халтар сайдаа 500 саяын авлигал аваад байна шүү гэж би хэлж байсан. Үнэхээр тийм байсан, бат баримттай баригдсан. ХЗБХ-ны дарга байхдаа нүүрсний хулгай байна шүү гэж шүгэл үлээж байсан. 2 тн нүүрс хилээр нууцаар гарчихсан байна шүү гэж хэлж байсан.
Нүүрсний хулгай байсныг ард түмэн мэддэг болсон. Үүнтэй адилхан С зөвшөөрлийн авлигыг шүгэл үлээж байна. Үүн дээр Ажлын хэсэг гарч ажиллах ёстой" гэв.