С.Баярцогт: Энэ бол дутуу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлсэн эрх баригчдын увайгүй үйлдэл
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт автобусны худалдан авалтын талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ 2009 онд тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт Зам тээврийн сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, шууд худалдан авалт хийж, улсыг 35 тэрбум төгрөгөөр хохироосон гэж ярьсан. Маш олон баримтаас ганцхан бичгийг сугалж, сошиалаар их тараалаа.
Энэ бол дутуу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлсэн эрх баригчдын увайгүй үйлдэл.Засгийн газрын 2008.11.05-ны хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай 27 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор нийтийн тээврийн парк шинэчлэлтэд шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны улсын төсөвт суулгахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасан.
Мөн энэ өдөр 63 дугаар тэмдэглэл гарч, том оврын 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх тендер зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан. Тендерийн хуулиар нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдан авах, 3 тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээний тендер зарлахад Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг тогтолцоотой байсан. Засгийн газрын шийдвэр гарснаас 2 хоногийн дараа буюу 2008.11.07-нд зам тээврийн яамнаас Сангийн яаманд тендерийн материалыг хянуулж, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Энэ дагуу манай яам хянаад, хязгаарлагдмал тендер явуулахыг зөвшөөрсөн. Тендерийн материалыг Nissan Motors, Hina Motors, Hyundai Motors, Daewoo Bus Global гэсэн 4 компанид хүргүүлсэн. Эндээс Daewoo Bus Global компани санал ирүүлж, энэ компанитай шууд гэрээ байгуулах зөвшөөрлийг манай яамнаас хүсэж, миний гарын үсгээр олгосон.
Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан. Автобусны асуудлыг АН-тай холбож, хуурамч мэдээлэл тарааж байна. Нууцад авсан, шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хуулийн дагуу явагдсан анхны тендерийн асуудалд намайг болон АН-ыг холбож байгаа увайгүй үйлдлийг нь эсэргүүцэж байна. Өөрсдийнхөө алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй” гэв.