АТГ-д Нийслэлийн засаг дарга нартай холбооотой 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өглөө
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: "Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 5Ш ажиллагаа өрнөлөө. Шилэн ажиллагааны ахлагчийн хувиар шилэн штабыг байгуулан ажилсан.
Үүний хүрээнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын тухай хуульд заасны дагуу 68 нэр төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудаас шахаж шаардсан. Ерөнхий сайдын албан даалгавар гарч, мэдээлэл хариуцагч байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Shilen.gov.mn санг байгуулан ажилсан. Нийтдээ 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн 123 байгууллагын 550 гаруй багц мэдээлэл нэгтгэжээ. Эдгээр мэдээллийг нэгтгэж, боловсруулж, машинд уншуулах байдлаар shilen.gov.mn сандаа оруулсан. Машинд уншуулна гэдэг нь маш богино хугацаанд шийдвэр гаргана гэсэн үг. Технологи өөрөө авлигал авдаггүй. Өөрийнхөө шийдлээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна. Өнөөдөр АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна. Үүнд 2008-2023 оны үе үеийн дүүрэг, нийслэлийн засаг дарга нарын гарын үсэгтэй газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан дүгнэлт, барилгын яам, байгаль орчны яамны шийдвэрээр гардаг тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл, төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын гишүүдийн нийт мэдээлэл, тендер худалдан авах ажиллагааны мэдээлэл, улсын комисст ажилсан хүмүүсийн мэдээлэл, Засгийн газрын 25 сангийн зарцуулалтын мэдээлэл гээд бүгдийг нь нэгтгээд өгч байна.
АТГ бол ачаалалтай ажилдаг. Тиймээс технологи ашиглан инфографик хэлбэрээр тодорхой статистик хэлбэрээр хүргүүлж байна. Хурдан хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна" гэв.