Сайд асан Б.Энх-Амгаланг тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татжээ
Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланг нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татжээ. Тэрбээр нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй Зам тээврийн салбарын хоёр дахь сайд болж байгаа бололтой . Түүний өмнө АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг яллагдагчаар татсан удаатай .Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Тэр дунд улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Засаг дарга асан хоёр, нэг УИХ-ын гишүүний зөвлөхийг яллагдагчаар татан, шалгаж байгаа аж. Сайд асан Б.Энх-Амгаланг өмнө нь таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалттай холбоотойгоор шалгаж байсан.