"PUBG Mobile Global Championship 2023"-аас шагналаасаа Турк улсад татвар төлсөн бол Монгол Улс давхардуулан татвар авахгүй!
Турк улсад зохион байгуулагдсан И-спортын PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-нд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "IHC esports", "Stalwart esports", "4Merical vibes" баг томоохон амжилт үзүүлээд буй. Тодруулбал,
- "IHC esports" баг PUBGM тоглоомын ДАШТ-ий "Grand final"-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал
- "Stalwart esports" баг хоёрдугаар байр эзэлж, $263,000
- "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлж, $144,000-ын шагнал тус тус хүртсэн.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 5 хувиар татвар төлнө гэж заажээ. Мөн холбогдох төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байна.
Татварын Ерөнхий Газраас "Монгол Улс Турк улстай давхар татварын гэрээтэй тул тухайн тамирчны шагналд спортын тэмцээнийг зохион байгуулсан Турк улс татвар ногдуулна.
Тамирчид Турк улсад албан татвар төлсөн бол Монгол Улсад давхардуулан татвар ногдуулахгүй.
Гадаад улсад төлсөн албан татварыг ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу тухайн татварын жилийн Монгол Улсад төлбөл зохих албан татвараасаа хасаж тооцуулах боломжтой" гэлээ. Давхар татварын гэрээ буюу Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс нь гадаад улстай байгуулсан хэлэлцээр юм. Энэ талаар ТЕГ-ын татварын улсын байцаагч Ц.Ундармаа "PUBG Mobile Global Championship 2023"-аас шагнал хүртсэн тамирчид Турк улсад татвар төлсөн бол Монгол Улс давхардуулан татвар авахгүй! гэлээ.