Парламентад байгаа намууд ард түмнээс урваж байна
УИХ-ын 152 гишүүнтэй болохыг намууд дэмжиж байна. Парламентад суудалтай намууд дор бүрнээ хуралдаж, захаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох сандал ширээний асуудал болохоор нэгдэж буйг дор бүрнээ хийж буй хурлаас нь харж, мэдэгдлүүдээс нь тольдож болохоор байна.
Тэднийг сайн хараад ав. Ард түмнээсээ тэд урваж байна. Хэзээ тэд ард түмнийг хамгаалж дуугарах үед ингэж нэгдэж байсан юм. Нүүрсний хулгай гарахад, хүүхдийн мөнгө олгоход 172 хувьцааны ногдол ашиг олгох тухай тэд ард түмний өмнөөс ганц “а” гэж хашгирсан уу. Эрх мэдэл албан тушаал сандал ширээний төлөө бол тэд ам уралдан дэмжиж байна. Тэд ард түмний төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө бол ингэж нэгдэж чаддаг аж. Эрх барьж буй намыг шүүмжлэхийн оронд нударган дотороо наймаалцаж, жижиг намууд дуу нэгтэй “дагаар” орж байна. МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй сураг бий.
Засгийн газраас Үндсэн хуульд таван агуулгаар өөрчлөлт хийх тогтоолын төслийг боловсруулж иргэд болон яамдаас санал авч дууссан гэх. Мөн өнгөрсан амралтын өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхээр өөрсдийн саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх чиглэлийг намын дарга Л.Гантөмөртөө өгсөн гэнэ. Тиймээс одоо хоёр нам бүлгээрээ тус асуудлыг хэлэлцээд ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барих нь тодорхой боллоо. ХҮН намынхан дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ урвагчдыг хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртэй нь ой санамжиндаа хадгалаад ав. Өөрсдийн ноёрхлоо тогтоохын тулд улайрч байна.