БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо Монголд айлчилж байна

3-р сарын 11, 2024 - 11:03
10 сарын өмнө
 0  11
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо Монголд айлчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хог хүлээн авч уулзлаа. Б.Батцэцэг сайд энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хийгийн мэндчилгээг уламжилсан байна. 
Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий өндөр ач холбогдол өгч, мэндчилгээ дэвшүүлсэнд Б.Батцэцэг сайд талархал илэрхийлээд энэ онд зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулахыг урьжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, бүхий л түвшинд харилцан төлөөлөгч солилцох, бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд тодорхой ажил хэрэгжүүлэх талаар тохирсон байна.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow