Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Америк, Орос хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжилж буй ховор салбарт тооцогдож байна
Америкийн гурав, Оросын нэг сансрын нисгэгч ням гаргийн шөнө "SpaceX" компанийн "Crew Dragon" хөлгөөр Олон улсын сансрын станц /ОУСС/ руу нислээ. Уг хөлгийг "SpaceX"-ийн Falcon 9 пуужингаар хөөргөжээ. Уг пуужин хөөргөснөөс хэдхэн минутын дараа Атлантын далай дээр цагт 9656 км-ийн хурдтай ниссэн байна. Хөлөг тойрог замд орон ОУСС-д залгагдаж, багийн дөрвөн гишүүн станц руу ороход есөн минут зарцуулжээ.
Уг хөөргөх ажиллагааг анх бямба гарагт товлоод байсан боловч хүчтэй салхины улмаас хойшлуулжээ. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисгэгчийг тойрог замд хүргэсэн "Crew Dragon Endeavour" капсулыг "SpaceX"-ийн пуужингаар өмнө нь дөрвөн удаа хөөргөсөн юм. Тус компани нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Commercial Crew Program” хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос хойш НАСА-гийн сансрын нисгэгчдийг сансарт илгээх үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ. “Crew-8” багийн ахлагч Мэттью Доминикийн хувьд Америкийн хамтран зүтгэгч Жанетт Эппсийн хамт сансарт анхны нислэгээ хийж байна. Оросын сансрын нисгэгч Александр Гребенкиний хувьд мөн анх удаа нисэж байгаа ажээ. Харин эмч Майкл Барратт ОУСС-д гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн сард АНУ-ын эрх баригчид Оросын 500 гаруй хувь хүн, байгууллагын эсрэг шинээр хориг арга хэмжээ авсан юм. Уг шийдвэр нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Арктикийн шоронд амиа алдсантай мөн холбоотой байна.