Оросын хэд хэдэн бүс нутагт нисгэгчгүй онгоцууд халджээ
ОХУ-ын Воронеж муж дахь шатахуун хадгалдаг байгууламжид Украины арми Баасан гаригт цохилт өгчээ. Энэ нь Анна тосгоны ойролцоо орших Аннанефтпродакт шатахууны агуулах аж.
Байгууламжийн босоо танкуудын дор хаяж нэг нь агаарын цохилтод өртсөн байна. Баасан гаригийн шөнө Оросын хэд хэдэн бүс нутагт нисгэгчгүй онгоцууд халджээ. Тодруулбал, Белгород мужид зургаа, Воронежид зургаа, Азовын тэнгист тав, Ростовт нэг нисгэгчгүй онгоцыг саатуулсан байна.
Тухайн өдөр Пермь муж дахь Осенци тосгоны аж үйлдвэрийн бүсэд шатахууны агуулахад мөн гал гарсан байна. Гал 10 мянган метр квадрат талбайг хамарчээ. Нийт 60 гаруй алба хаагч, 19 техник хэрэгсэлтэй ажилласнаар галыг бүрэн унтрааж чаджээ. Пермь дэх агуулахын гал болгоомжгүй байдал юм уу цахилгааны доголдлоос болж гарсан гэж үзэж байна.