Олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна
Энэ сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөв гарчээ.
Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр нөхцөл үүсгэж байгаа юм.
Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, хавар мал төллөх үед цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй учраас дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.