ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайдаа авлигын хэргээр баривчилснаа зарлалаа
ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр баривчилснаа тус улсын Мөрдөн Байцаах Хороо телеграм хуудсаараа мэдээлжээ.
Алексей Навальный агсны Авлигатай Тэмцэх Сан 2022 оны арванхоёрдугаар сард Ивановтой холбоотой авлигын хэргийг эрэн сурвалжилсан үр дүнгээ нийтэд танилцуулж байсан юм. Энэ тайланд дэд сайдыг Украины эзлэгдсэн Мариуполь хотын сэргээн босголтын төслөөс авлига авсан тухай мэдээлж байжээ. Харин Оросын Мөрдөн Байцаах Хорооны мэдээлэлд энэ тухай дурдаагүй байна.
Авлигатай Тэмцэх Сангийн тайланд Иванов болон түүний гэргий Светлана нар гадаадад амрах, тансаг орон сууц, завь түрээслэх, үнэт эдлэл, хувцас худалдаж авахад нийтдээ нэг сая евро зарцуулсан тухай баримтуудыг дэлгэж байжээ.
Тус сангийн үйл ажиллагааг ОХУ-д хориглосон байдаг.