ОХУ-аас ачигдсан шатахуунтай вагонууд Монголын хил гааль дээр гацжээ
Шатахуун түгээх станцууд шатахуун түгээлтийг хязгаарлаж, зарим газрууд иргэдэд огт өгөхгүй байгаа. Шатахууны энэ тасалдал нь манай улс татан авалтаа хийж чадахгүй байгаатай холбоотой аж. ОХУ-аас гэрээний үүргээ биелүүлж, шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Гэвч манай улс татан авч чадахгүй байгаагаас үүдэн хил, боомт, өртөөдөд 29 100 тонн шатахуун тээвэрлэсэн 485 вагон зогсож байна. Зөвхөн Толгойт өртөөнд 11 700 тонн шатахуун тээвэрлэсэн 195 вагон зогсож байгаа аж. Дотоодод шатахуун тасалдах бүрт хойд талын хар овоохой болсон ОХУ-ыг харааж, буруутгадаг.
АМГТГ-ын мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85 073 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.