НЗДТГ-аас нийтийн тээврийн автобусны тендер дахин зарлалаа
Дуулиант "ногоон автобус"-ны хэргийн дараа НЗДТГ-аас нийтийн тээврийн автобусны тендер дахин зарлажээ. Өмнө нь тендер зарлаж, өмнөх удирдлагууд хуулийн байгууллагуудын хаалгыг татаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах цаг хугацааны асуудал болоод байна. Улаанбаатарчуудын нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр шинэ Засаг дарга, сайд хоёр дахин тендер зарлаад байна.
Тендерийн нийт төсөвт өртөг 183 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 137 тэрбум төгрөгөөр нь автобус худалдан авахаар болсон байна. Нийт 600 ширхэг их багтаамжийн автобусыг гурван ээлжээр худалдан авахаар тендерийн баримт бичигт дурьджээ. Тодруулбал, эхний 200 ширхэг автобусыг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор, хоёрдугаар ээлжийн автобусыг гэрээ байгуулснаас хойш 120 хоногийн дотор, гуравдугаар ээлжийн 200 ширхэг автобусыг гэрээ байгуулснаас хойш 180 хоногийн дотор нийлүүлэх юм. Захиалагч тендерт оролцогчоос нийлүүлэх гэж буй бараанд үйлдвэрийн болон бусад шалгалт, туршилт хийсэн болохыг нотлох баримт, үүнтэй холбоотой мэдээлэл ирүүлэхийг шаардах юм. Мөн Захиалагчийн хяналтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас ажлын хэсэг байгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл I,II, Зорчигч тээвэр III авто бааз дээр шалгалт, туршилтыг хийж, акт үйлдэн хүлээн авахаар болжээ.