Нярайн цуврал алуурчин сувилагчийг бүх насаар нь хорих ял оноолоо

8-р сарын 22, 2023 - 11:12
1 жил өмнө
 0  127
Нярайн цуврал алуурчин сувилагчийг бүх насаар нь хорих ял оноолоо

Долоон хүүхдийн амийг хөнөөж, зургаан хүүхдийг алахыг завдсан Английн нэгэн эмнэлгийн нярайн сувилагч өчигдөр Британийн шүүхээс бүх насаар хорих ял сонссон байна.

Хугацаанаасаа өмнө суллагдах ямар ч боломжгүй  нөхцөлтэй энэ ял нь Их Британийн хуульд заасан хамгийн хүнд шийтгэл юм. “Таны үйлдэлд садизмтай дүйцэх хорон санаа агуулагдаж байсан. Шүүх хурлын явцад та өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхөөс хүйтнээр татгалзаж байсан.  Танд харамсах зүйл байхгүй. Ялыг хөнгөвчлөх ямар ч шалтгаан байхгүй” гэж шүүгч Жэймс Госс ялыг танилцуулахдаа хэлжээ.

Одоо 33 настай Люси Лэтби баруун хойд Английн Каунтесс оф Честер эмнэлгийн нярайн тасагт ажиллаж байхдаа 2015 оны зургаадугаар сараас 2016 оны зургаадугаар сарын хооронд аллагуудаа үйлдсэн юм. Хохирогчдын эцэг эхтэй нүүрэлдэхээс зайлсхийсэн гэмт хэрэгтэн өчигдөр шүүх хуралд биеэр оролцоогүй байна. Энэ нь Британийн олон нийтийг бухимдуулж, ял оноох шүүх хуралд гэмт этгээдийг биечлэн оролцуулдаг болгохыг эрх баригчдаас уриалж байв.

Британийн ерөнхий сайд Риши Сунак засгийн газар нь үүнийг өөрчлөх хууль санаачлахаар болсныг мэдэгдсэн байна.

“Ийм аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хохирогчтойгоо нүүр тулахгүй, үйлдсэн хэрэг нь хохирогчийн гэр бүл, ойр дотны хүмүүст яаж нөлөөлснийг нүдээр харж, чихээр сонсдоггүй нь дэндүү хулчгар хэрэг” гэж ерөнхий сайд мэдэгджээ.

Британийн нийгмийг цочроосон Лэтбигийн шүүх хурал 10 сар үргэлжилсэн юм. Нярайн тасагт тодорхой шалтгаангүйгээр хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн нь эмнэлгийн удирдлагын анхаарлын төвд орсноор энэ хэрэг илэрч байжээ.

Лэтбийг 2016 оны зургаадугаар сарын сүүлээр ажлаас нь чөлөөлж, 2018 оны долдугаар сард гэрээс нь баривчилж байв.

Тухайн үед хүүхдийн эндэгдлийн өсөлтөд илүү нухацтай хандсан бол хохирогчдын тоо бага байж болох байсныг шүүх хурлын үеэр хүмүүс шүүмжилж байв. Тухайлбал нярайн тасгийн зөвлөх доктор Стивен Брири хэрвээ яаралтай арга хэмжээ авах шаардлагыг нь эмнэлгийн удирдлагууд хүлээж авсан бол харьцангуй эрт буюу 2016 оны хоёрдугаар сард аллагыг зогсоох боломжтой байсныг хэвлэлд ярьж байжээ.

Сувилагчийн шүүх хурлын дараа хараат бус шинжээчдийн баг эмнэлэг дээр яг юу болсон, эндэгдлийн тоо өсөхөд эмнэлгийн ажилтнууд болон удирдлагууд ямар хариу арга хэмжээ авсныг нягтлан шалгахаар болсон байна.

Эргэн сануулахад, тухайн үед юу болж байв

Их Британийн сувилагч байсан эмэгтэй ажиллаж байсан эмнэлэгтээ долоон нярай хүүхдийн амийг хөнөөж, зургааг алахыг завдсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан.

33 настай Люси Летбиг асарч буй хүүхдүүдийнхээ цус, гэдсэнд нь агаар оруулж, сүүгээр хэтрүүлэн хооллож, инсулинаар хордуулсан гэж буруутгаж байгаа юм. Би тэднийг халамжлах хэмжээний хангалттай сайн биш учраас зориудаар хөнөөсөн.Нэгэн тохиолдолд нь Люси нэгэн нярай хүүг судас руу нь агаар оруулан хөнөөсөн гэж Их Британийн PA Media агентлаг мэдээлэв. Маргааш нь тэрээр  ихэр дүүг нь мөн инсулинаар хордуулж алахыг завдсан байна.

Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад Летбигийн гэрт нэгжлэг хийхэд гар бичмэл олдсон бөгөөд үүнд "Би амьдрах эрхгүй. Би тэднийг халамжлах хэмжээний хангалттай сайн биш учраас зориудаар хөнөөсөн. Би бол чөтгөр, муу хүн, би үүнийг хийсэн. Би тэднийг алсан" гэж бичсэн байжээ.

Тэрээр 2015-2016 оны хооронд Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт эмчлүүлж байсан 13 нярайг хөнөөхийг завдсан байх магадлалтай гэж Их Британийн прокуророос мэдэгдэв.

2018-2020 онд Люсиг мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан цагдаа нар гурван удаа шалгаж байжээ. Э, Ф ихэр хүүгийн ээж шүүхэд мэдүүлэг өгөхдөө Люсид бүрэн итгэж байсан гэжээ. Э хүү нь нас барсны дараа цогцосны шинжилгээ хийгээгүй ба ээж нь түүнийг байгалийн жамаар нас барсан хэмээн бодсон гэжээ. Дараа нь Люси ихрийн өрөөсөн Ф-ийг нь инсулины хордлогоор алахыг оролдсон ч хүү амьд үлджээ.

ТҮҮНИЙГ СЭЖИГЛЭЖ БАЙСАН Ч ЭМНЭЛЭГ НЭР ХҮНДЭЭ БОДСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Нярайн тасгийн ахлах зөвлөх, доктор Стивен Брирей 2015 онд хамт ажиллаж буй Люси нэг л сэжигтэй байгааг удирдлагадаа хэлж байсан байдаг.

Эмнэлгийн дарга нар Люси Летбигийн эсрэг гомдлыг шалгаж чадаагүй бөгөөд эмч нарын амыг таглахыг оролдсон гэж Стивен Брирей ВВС-д ярьжээ.

2015-2016 оны хооронд Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт эмчлүүлж байсан 13 нярайг хөнөөхийг завдсан магадлалтай гэж Их Британийн прокуророос мэдэгдэв

2015 оны зургадугаар сараас өмнө Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт жилд хоёроос гурван хүүхэд энддэг байсан. Гэвч 2015 оны зун ер бусын зүйл тохиолдов. Учир нь зургадугаар сард л гэхэд хоёр долоо хоногийн дотор гурван хүүхэд энджээ. Тэдгээр гурван хүүхдийг сувилагч Люси Летби асарч байсан нь тогтоогдсон байна. Стивен Брирей "Би хүүхэд эндсэнийг мэдээд "Өө үгүй ээ, энэ Люси л биш шүү гэдэг байсан" хэмээжээ.

Мөн сувилагч нялх хүүхдийн амийг хөнөөсөн байж болзошгүй гэж олон сар сануулсаар байсан ч тус эмнэлэг цагдаад хандахгүй явсаар байв. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд алуурчин дахин таван хүүхдийг хөнөөхийг завдсанаас хоёрынх нь аминд хүрсэн байна.

Летбиг Чешир дэх Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт долоон нялх хүүхдийн амийг хөнөөж, зургаан хүүхдийг алахыг завдсан хэрэгт буруутай нь тогтоогджээ. Эхний таван хүүхдийн хэрэг бүгд 2015 оны 6-10-р сарын хооронд гарсан бөгөөд хэдэн сар анхааруулж байсан ч сүүлийн хоёр нь 2016 оны зургаадугаар сард болжээ.

Share:
127

like

dislike

love

funny

angry

sad

wow