Н.Учрал: НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр манай улс 74-т жагслаа
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрээр "НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74-рт орлоо. Энэ үзүүлэлтүүд цаашид авлигыг бууруулахад хувь нэмрээ оруулна. Энэ шагнал бол И-Монголиа платформыг хэрэглэж буй 1.6 сая хэрэглэгч болон тоон гарын үсгээ авч хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал юм. Мөн хариуцлага гэж харж байна.
Түүнчлэн Засгийн газраас 5Ш ажиллагааг явуулж, шилэн болгох нээлттэй засгийн бодлого хэрэгжүүлснийг олон улсад өндрөөр үнэлэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд shilen.gov.mn нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 мэдээллийг иргэд, олон нийт нээлттэй хэрэглэх бололцоог хангуулсан. Үүнийг цаашид машинд уншигдах байдлаар боловсруулж, төрийн болон хувийн хэвшилд ашиглах боломжтой болгохоор ажиллаж байна. Эдгээрийг өндрөөр үнэллээ гэж харж байна. Бид цаашид энэ ажлаа эрчимжүүлэхэд онцгой анхаарна" гэв.