Навальный агсны шарилыг ээжид нь өгөлгүй нууцалж байгааг мэдээлэв

2-р сарын 18, 2024 - 12:05
8 сарын өмнө
 0
Навальный агсны шарилыг ээжид нь өгөлгүй нууцалж байгааг  мэдээлэв

Чанга дэглэмтэй шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн шарилыг эрх баригчид ээжид нь өгөхөөс татгалзсан тухай талийгаачийн туслах Кира Ярмыш мэдээлжээ. Талийгаачийн ээж Людмила Навальнаяд шоронгийн удирдлага “шүүх эмнэлгийн шинжилгээ дууссаны дараа шарилыг өгнө” гэж хэлснийг тэр мэдээлсэн байна. Навальныйн амийг ерөнхийлөгч Путиний тушаалаар бүрэлгэсэн гэж хамтрагчид нь үзэж байгаа юм.

Бямба гарагт Оросын хотуудад сөрөг хүчний улстөрч агсны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд зохион байгуулагдах үеэр цагдаа нар 300 гаруй хүнийг баривчилсан тухай хүний эрхийн OVD-Info байгууллага мэдээлжээ.

Өрнөдийн орнууд 47 настай улстөрчийн гэнэтийн үхэлд Оросын эрх баригчид буруутай гэж үзэж, Их Долоогийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Москвагаас шаардсан байна. Путин энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.


Навальный нь Путиний дэглэмийг хамгийн их шүүмжилдэг Оросын сөрөг хүчний улстөрчдийн нэг байсан юм. Тэрбээр улс төрийн хэргээр авсан 30 орчим жилийн ялаа Оросын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй шорон гэгддэг Умард хязгаарын “Туйлын Чоно” нэртэй шоронд эдэлж байсан юм. Талийгаачийн ээж Людмила өчигдөр уг шоронд очиход эрх баригчид түүнд хүүг нь Баасан гарагийн 14:17 цагт нас барсан тухай мэдэгдэл өгсөн гэнэ.

Шалтгааныг нь “гэнэтийн үхлийн синдром” гэжээ. Энэ нь гаднын хүчин зүйлийн нөлөөгүйгээр, зүрхний шигдээсээр гэнэт нас барахыг тодорхойлдог ерөнхий нэр томьёо юм байна. Шарилыг шоронд ойрхон оршдог Салехард хотод хүргэсэн гэж мэдээлжээ. Людмила болон талийгаачийн хамтрагчид Салехард хотын шарил хадгалах газарт очиход хаалттай байсан гэнэ. Шоронгийн захиргаа шүүх эмнэлгийн урьдчилсан шинжилгээгээр тодорхой үр дүн гараагүй тул хоёр дахь шатанд илүү нарийн шинжлэхээр болсныг тэдэнд дуулгажээ.


Эрх баригчид “мөрөө баллах” зорилгоор шарилыг өгөлгүй удааж байж болзошгүй гэж Навальный агсны хамтран зүтгэгчид үзэж байна. OVD-Info байгууллагын мэдээлснээр өчигдөр улс төрчийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааны үеэр Оросын нийт 32 хотод баривчилгаа явагджээ. Хамгийн олон хүн Москва, Санкт-Петербург хотуудад баривчлагдсан байна.

Share:
96

like

dislike

love

funny

angry

sad

wow