Монголын тамирчид дэлхийн мастеруудын өвлийн олимпоос 21 медаль хүртжээ
Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн VI наадам болж, Монголын баг тамирчид цана, тэшүүрийн төрөлд 21 медальтай эх орондоо ирлээ.
Монголын ахмад тамирчдаас тус наадмын шорттрейкийн төрөлд Л.Алтанцэцэг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нь баг тамирчдын хамгийн өндөр амжилт бол Н.Эрдэнэтуяа алт, Б.Жалбаа нэг мөнгө, гурван хүрэл, Р.Сарантуяа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Харин цанын төрөлд Ц.Золбаяр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан бол Д.Очирсүх мөнгө, Д.Энхээ хүрэл медаль хүртжээ.
Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар нар хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр Монголын мастеруудын биеийн тамир, спортын тэргүүн шагнал болох Мастеруудын алдар одонгоор Л.Алтанцэцэг, Н.Эрдэнэтуяа, Б.Жалбаа, Д.Энхээ, Д.Очирсүх нарыг шагнасан бол Спортын-Од тэмдгээр Р.Сарантуяа, Ц.Золбаяр нарыг шагнажээ.