Монгол Улс анх удаа автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьжээ.
Тус терминалын зам талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж, өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байна. Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам болов. Мөн Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэн терминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулсан аж.
Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байна. Орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.