Монгол бүсгүй Б.Энхмөнх Москвагийн хөгжмийн академик театрт балетын гоцлол бүжигчин болжээ
К.С.Станисловский болон Немирович Данченко нарын нэрэмжит Москвагийн хөгжмийн академик театрт монгол эмэгтэй Б.Энхмөнх балетын гоцлол бүжигчин болсон байна. Энэхүү театр нь Москва хотод эрэмбээрээ Большой театрын дараа ордог өрсөлдөөн их, өндөр шалгууртай театр аж.
“World Ballet Grand Prix”-ийн уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнэ “Энэхүү театрт гоцлооч болох нь Оросын өөр нэг хотод гоцлооч болохоос өдөр, шөнө шиг ялгаатай байдгийг би өөрөө Москвад 10 жил ажиллаж байсны хувьд сайн мэднэ. Тус театрт ажиллаж байсан, ажиллаж байгаа дэлхийн одуудыг тоолж баршгүй. Лиепа, Тедеев, Кирилов, Бондар, Чудин, Полунин, Дроздова, Чернобровкина, Ледовская, Образцова, Кретова, Шапран, Лименко гэх мэт.
Б.Энхмөнх бол миний урд өмнө танилцуулж байсан гадаадад ажиллаж буй Монгол балетын бүжигчдээс хамгийн том театрт гоцлооч болж чадсанаараа үнэхээр бахархууштай байна. Тэр Москва хотын том театрын гоцлооч болсон анхны Монгол балетын бүжигчин эмэгтэй яахын аргагүй мөн” хэмээжээ.