MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал сонсголд ирсэнгүй. Түүнийг төлөөлж ирсэн ажилтан "АСЕМ Вилла" хотхонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж амьдардаггүй" гэв
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг сонсголд гэрчээр дуудсан ч гадаадад албан ажлаар явна гэх шалтгаанаар хүрэлцэн ирсэнгүй. Түүнийг төлөөлөн MCS группийн хуулийн албаны дарга Э.Уянга сонсголд оролцож, Түр хорооны даргын асуултад хариуллаа.
-125 тэрбум төгрөгийн зээл авч, АСЕМ зохион байгуулна хэмээгээд 53 таунхаус барьжээ. АСЕМ зохион байгуулах үед хэчнээн таунхаус баригдсан байв. Тэр хотхонуудыг одоо ямар хүн эзэмшдэг вэ?
-2014 оны сүүлч, 2015 оны эхэн үед энэ газар хоосон байсан. Тухайн үед Скай Резорт цанын баазын төслийг хэрэгжүүлчихсэн байсан. Энэ сууриа ашиглаад "АСЕМ Вилла" хотхоны төслийг хэрэгжүүлээч ээ гэдэг хүсэлтийг Үндэсний зөвлөлөөс болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос MCS группийн удирдлагуудад ирсэн. Үүний үндсэн дээр 2015 оны гуравдугаар сарын 4-ны өдөр барилгын ажил нь эхэлж байсан. 53 вилла болон клабхаусын ажил зэрэг эхлээд есөн сарын хугацаанд дуусан. Энэхүү төслийн санхүүжилт тухайн оны есдүгээр сард олгогдох байсан учир шаардлагатай хөрөнгийг группээсээ гаргасан.
-53 таунхаусны хэдийг нь арилжааны шугамаар худалдан борлуулсан бэ?
-125 тэрбум төгрөгийн зээл авсан ч хүүнд нь нийт 45 тэрбум төгрөгийг төлсөн. Сарын хүүгийн төлөлт нь нэг тэрбум орчим төгрөг байв. Тиймээс тухайн хауснуудыг худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ 21-н хаусыг худалдан борлуулсан юм. Үлдсэн 32 хаусыг худалдаж чадахгүй байв.
Зээлийн эргэн төлөлтөө хийхийн тулд 32 хаусыг "Скай Резорт" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр авсан.
-Энэхүү хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж амьдардаг уу?
-Өмнө нь ч амьдарч байгаагүй. Одоо ч амьдраагүй.
-Ц.Элбэгдорж худалдан авалт хийгээгүй юу?
-Миний харсан гэрээн дунд нэр нь байхгүй. Худалдан авсан гэрээний хүрээнд л бид мэднэ. Цааш нь хэнийх вэ гэдгийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж өөрийн биеэр амьдардаггүй.
-Тус хотхоны борлуулалтын нийт орлогыг хэлж болох уу?
-Хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг. Үндсэн зээл болон хүүгийн төлөлтөд 174 орчим тэрбум төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, хувь компанийн хувьд алдагдалтай төсөл болсон.