Манай энхийг сахиулагчид Суданы сургууль, эмнэлэгт засвар хийжээ
БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны захирагчийн орлогч дэд хурандаа Б.Ууганжаргалаар ахлуулсан томилгоот бүлэг 18 хоногийн хугацаанд Абьемном суурин дахь эмнэлэг, сургуулийн барилгыг бүрэн засварлаж, хүлээлгэн өгсөн байна.
Эмнэлгийн байранд 2008, сургуулийн байранд 2004 оноос хойш урсгал засвар огт хийгдээгүйн улмаас ихэнх өрөө, танхим нь эвдэрч хэмхэрсэн, хүн амьтны ялгадсаар дүүрчихсэн маш хүнд дүр зураг угтжээ.
Ийм нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өдрийн халууныг үл ажран богино хугацаанд эмнэлгийн байрыг бүрэн засварлаж, эх барих тасаг, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө, тасалгаануудад шаардлагатай ор, цагаан хэрэглэл, ахуйн хэрэглэлүүдийг хүлээлгэн өгчээ.
Сургуулийн байрыг бүрэн засварласны зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, волейболын талбай зэргийг шинээр байгуулж өгсөн нь хүүхдүүдийг тав тухтай, тохилог орчинд боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлж чадсан байна.