Малайзад манай улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөж, цаазын ял сонссон этгээд суллагджээ

11-р сарын 13, 2023 - 09:36
1 жил өмнө
 0  78
Малайзад манай улсын иргэн  Ш.Алтантуяаг  хөнөөж, цаазын ял сонссон этгээд суллагджээ

2006 онд Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяаг хөнөөснийхөө төлөө цаазын ял сонссон, цагдаа асан Сирул Ажар Умар Австралийн цагаачлалын төвийн саатуулах газраас суллагдсан талаар Straits Times сонин мэдээлжээ. Монголын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөсөн этгээд суллагдсан гэсэн мэдээллийг Малайзын Цагдаагийн газрын төлөөлөгч болон Сирулын өмгөөлөгч Уильям Левингстон нар баталсан байна. Одоо Сирул Ажар Умарыг Малайзад шилжүүлэн авах асуудлыг хэлэлцэнэ гэж Малайзын Цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ.


"Энэ асуудалд Малайз болон Австралийн засгийн газар оролцож байгаа тул шилжүүлэн авах хүсэлтийг Ерөнхий прокурорын газрын танхим хянан үзнэ" гэж Цагдаагийн газрын төлөөлөгч Bernama агентлагт мэдээлсэн байна. Сирул Ажар Умарын өмгөөлөгч, Левингстоны өгүүлснээр, 11 дүгээр сарын наймны өдөр Дээд шүүхээс шийдвэр гарсны дараа цагаачлалын төвийн саатуулах газраас хэд хэдэн хүн суллагдсаны дотор Сирул багтаж байгаа аж. Хэдийгээр тэрбээр суллагдсан ч түүнийг Малайз рүү шилжүүлэн өгөх боломжгүй гэж түүний өмгөөлөгч онцолжээ. Сирул Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын бие хамгаалагч байхдаа Австралид орогнол хүсэн 2019 онд өргөдөл гаргасан ч түүний өргөдлийг хүлээн аваагүй тул саатуулах төвд хоригдож байсан аж. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгагдаж, Малайзд цаазлуулах аюултай байгаа тул Малайзын Засгийн газар цаазын ялыг халах хүртэл Австралийн Засгийн газар Сирул Ажар Умарыг шилжүүлэн өгөх боломжгүй гэж өмгөөлөгч Левингстон мэдэгджээ. Daily Mail сонины мэдээлснээр, Сирул Сидней дэх Виллавуд саатуулах төвөөс бямба гарагт суллагдсан, одоо Канберра дахь хамаатныдаа байгаа аж. 


Сирул өөрийн хамсаатан , сайдын аюулгүй албаны ажилтан Азила Хадригийн хамтаар 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг хөнөөж, цогцосыг нь дэлбэлсэн хэрэгт буруутгагдаж, цаазын ял сонссон юм. Тухайн үед сайд байсан Нажиб өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр ирсэн бол Азила одоо цаазын ял сонссон хоригдлуудын өрөөнд хоригдож байгаа аж. 

Share:
78

like

dislike

love

funny

angry

sad

wow