Л.Оюун-Эрдэнэ: Нэг хүнд ногдох ДНБ-ыг 10,000 ам.долларт хүргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс голлох ишлэлийг хүргэе.
- Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл, нутгархдаг биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг, ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгүүдээс тодорхой харагдаж байна.
- Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.
- 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой.
Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтэгдэхүүн 4,000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.
- Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэж үзлээ.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт Монгол Улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг.
- Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
- Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.
- Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
- Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
- Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
- Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.
- Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
- 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.
- Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан
- Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
- 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 Мегаваттын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
- Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
- Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн багц төслүүд
- Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд
- Нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг Улсын Их Хуралд танилцуулж хамтын шийдэл гаргах болно.
- Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа.
- Монгол Улс Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто зам тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай эдийн засгийн ач холбогдлын дарааллаар нь холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто зам барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
- Төрөлжсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардлыг тусгалаа.
- Улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн хүчин чадал 40,610 суудлаар, цэцэрлэгийнх 9,540 ороор тус тус нэмэгдэнэ.
- Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбосон туннел,
- Нийслэлийн төвийг тус туннелтэй холбосон ган татлагат гүүр
- Туулын хурдны зам,
- Тэрэлжийн замын бүтээн байгуулалт
- Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км “Метроны нэгдүгээр шугам” зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг 2025 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийн тулд төсвийн болон санхүүгийн бусад эх үүсвэрээр дэмжих бодлогыг мөн тусгав.
- 2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,
- Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,
- Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,
- Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,
- Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг байхаар тооцов.
2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал:
- Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,
- Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч
- Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,
- Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж
- Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ,
- 35.0 мянган ажлын байр шинээр бий болно.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.