Ковидтой тэмцэхэд ₮11.2 наядыг зарцуулжээ
Ковидын үед авч хэрэгжүүлсэн нийгмийн шинж чанартай арга хэмжээнүүдийн улмаас төсөвт 10 гаруй их наяд төгрөгийн алдагдал үүссэн талаар яригдаж буй.
Тэгвэл 2020-2022 онд хэд хэчнээн төгрөг зарцуулагдсан талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны дарга юм.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд:
- 2020 онд 4,402.1 тэрбум,
- 2021 онд 5,164.9 тэрбум,
- 2022 онд 1,634.7 тэрбум
- Нийт 11,201.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулжээ.
Нийт эх үүсвэрийн 41.9 хувийг улсын төсвийн, 25.4 хувийг гадаад зээлийн, 7.6 хувийг нийгмийн даатгалын сангийн, 2.1 хувийг орон нутгийн төсвийн, 2.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн, 10.4 хувийг ирээдүйн өв сангийн, 9.9 хувийг бусад эх үүсвэр тус тус эзэлж байна.
2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37.9 хувь буюу 4,243.7 тэрбум төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэхэд, 12.5 хувь буюу 1,402.0 тэрбум төгрөгийг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувь буюу 1,477.5 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад, 36.4 буюу 4,078.5 тэрбум төгрөгийг хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан байна.
Түүнчлэн нийт зардлын 7,511.5 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэртэй, үлдсэн 3,690.2 тэрбум төгрөгийг мөнгөн бус хэлбэртэйгээр зарцуулсан байна.
Мөнгөн хэлбэртэй зарцуулсан зардлын 6,149.4 тэрбум төгрөгийг иргэдийн орлогыг хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд, 1,322.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, 39.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын болон засаг даргын нөөц сангийн бэлэн байдлыг хангахад тус тус зарцуулжээ. Дурдсан мөнгөн зардлууд мөнгөн бус хэлбэрээр гарсан зардалтай нийлээд нийт зардлын 91.5 хувийг эзэлж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1,322.2 тэрбум төгрөгийн 61.5 хувийг иргэдийг вакцинжуулах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдаж авах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн зардлууд эзэлсэн байгаа нь тус салбарын худалдан авалт, санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах шаардлагатайг харуулж байна гэдгийг тэрбээр хэллээ.